Сүүлд шинэчлэгдсэн: Өчигдөр 13 цаг 46 минут
Учир мэдэх хүмүүс харамсаж байна

Дунд сургуулийг ар­ван жилээс 11, одоо 12 жилийн сургалттай бол­гож байна. Зургаан на­сан­даа сургуульд орсон хүүхэд 18 нас хүрч байж төгсөнө. Бүр бидний үеэс хоёр анги илүү, дараа­гийн үеэс нэг жил илүү хугацаанд чухам ямар хичээл заах гэж байгаа юм бол гэж сонирхсон. Боловсролын салбарт олон жил ажиллаж бай­гаа туршлагатай багш, эрдэмтдээс энэ сэдвээр яриа өрнүүлэхэд ноцтой ноцтой юм их дуулдаж байна.


Юуны түрүүнд том шинэчлэлийн далбаан дор жижигхэн хувийн эрх ашиг лав байна. Сургуу­лийн тогтолцоог өөр­чилс­нөөр 1-12 дугаар ангийн бүх сурах бичгийг өөрч­лөхөөр болжээ. Одоо энэн дээр ёстой "алал­цаж" байна. Зөвхөн нэг ангийн нэг хичээлийн  сурах бичгийн тендер олоод авсан байхад улс даяар хүүхэд болгоны тоогоор зарагдана. "На­ран­туул"-ын наймаачид атаархаж үхмээр энэ аварга бизнесээс хувь хүртэж цулайхын тулд авлига хээл хахуулийн бүх сүлжээ ажилдаа ор­сон сурагтай. Зарим эх сурвалж хэлэхдээ зөвхөн энэ сурах бичгийн биз­нест зориулж боловс­ролын тогтолцоонд гар хүрч байгаа ш дээ, үнэн шог байгаа биз гэх юм. Тэр ч арай үгүй байлгүй дээ.


Бидний хуучин тог­толцоо чухам юу нь хоц­рогдоод, одоо ямар ард­чилсан шинэчлэл хийг­дэх болов оо. За мэдээж өмнө нь социализм, ком­мунизм номлодог байсан түүх нийгмийн чиглэлийн сургалтууд бол өнгөрсөн хэдэн жилд аажмаар со­лигдсон харагдана лээ. Сүүлийн үед боловс­ро­лынхны амнаас барууны маягийн сургалт гэсэн үг их унах болсон.  Заавал бүх юмыг үзэх албагүй. Хүүхдийн хичээл хүнд байна. Тоо гэхэд л хэн ч бодож чадахгүй айхтар даалгавраар булж бай­на. Америкт тэгдэггүй л юм байна л ээ. Хичээл дээрээ сайхан тоглож байгаад л ирдэг. Манай­хаас очсон хүүхдүүд шууд онц сурч байгаа юм чинь. Тийм зөөлөн сургалттай мөртлөө барууны том орнууд биднээс илүү хөгж­сөнийг харсугай. Ха­маг учир энэ боловсролд л байна.


Нээрэн бодоод бай­хад зөв ч юм шиг. Ака­демик боловсрол гэж ярь­­даг даа. Бидний багад сурсан эрдэмийг. Үүх түүх нь анх Францад бий бо­лоод тэрнийг нь хуучин хаант Орос хуулж "распи­сан"-аа хийсэн. Хожим Зөвлөлт Орост уламж­лагдан мэдээж манай ардын боловсролд чу­хам тэр зарчмаар хуул­бар­­лагдан  өнөөг хүртэл явж ирсэн. Хүүхдэд ерөн­хий боловсрол олгохдоо шинж­лэх ухаан болгоны зах зухаас оруулж дуу­луулж, зуруулж, бодуулж, бичүүлж, цээжлүүлж мөн гүйлгэж  харайх хичээл заана. Горбачевийн ту­хай АНУ-ын Ерөнхий­лөгч асан Рейгин дурс­сан бай­даг. Энэ хүнд мэ­дэхгүй юм алгаа. Сонго­дог урлаг, яруу найраг­чид, тоо фи­зик гээд л бүх шинжлэх ухааны салбарт ам хоо­сон буцаахгүй нь гай­халтай. Ганцхан зах зээ­лийн сэдвээр л манай дунд сургуулийн сураг­чаас дор паг суудаг...гэж. Орос Монгол ялгаагүй бид багадаа академик боловсрол эзэмшсэний үгүй ядаж чихнийхээ ха­жуугаар сонссоны гавьяа тэр юм. Одооны  дунд эргэм насныхан Ньютоны томьёо, Мендлеевийн үе­лэх систем, Байроны шүл­­гүүд, Австралид уутат баавгай амьдардаг тухай хожим өөрт нь хэрэг бо­лоо­гүй ч мэддэгээр ба­рахгүй мартаагүй яваа.


Одоо шинэ тогтол­цоо­гоор ийм хэрэгтэй хэрэггүй юм толгойд чихэхээ больж "прагматик" замыг сонгох юм байна. Тоочин болох гээгүй бол амьтны үрсийг хүнд математикаар зал­хаах­гүй. Зарим шинжлэх ухааныг хүүхэд сонир­хох­гүй бол ор тас орхисон ч болно. Энэтхэг, Хятад гэх мэт өнөр өтгөн өндөр хөгжилтэй орны одоо­гийн жишиг угаасаа энэ зам руу явчихжээ. Тэгээд нэг юм заасан болоод одоо хэдийнэ нэвтэрсэн тест гээч юмаараа шал­гаад болоо. Асуултуудын ард хариулт нь бэлэн. Тэнэг маанаг юмнууд ч тавин хувийг нь зөв бөг­лөөд өгч чадна.


Монголын орчин үеийн боловсролын чиг хандлага ерөнхийдөө энэ зам руу нэлээн эрт орчи­хоод байгаа. Амьдрал дээр, ажил дээр дээд сур­гууль төгссөн гэх юу ч мэдэхгүй "мал"-нууд гэнэт бөөн бөөнөөрөө ирдэг болсны учир энэ юм. Сэт­гүүлзүйд академик бо­ловс­рол юу юунаас илүү шаардагддаг болохоор бидэнд хамгийн түрүүн мэдрэгдсэн билээ. Ма­найд одоо ч ажлын орон тоо байгаа боловч сэт­гүүлч хийж чадах хүн хай­гаад олдохгүй байна.


Мөнгөн усны тухай сурвалжлага хийгээтэх гэхэд цианит натритай андуурах, триллион, тэр­бум хоёр дээр будилах зэрэг бол наад захын асуудал. Залуучуудаас Оросын одоогийн Ерөн­хий­лөгч хэн билээ гэхэд нээрэн хэн билээ байз гээд байдаг. Зурагтаар гардаг "Тататунга" билүү татаж унамаар нэвт­рүүлэг бол манай өнөөгийн ирээдүй цагийн амьд толь юм.


Хуучин муусайн капи­талистууд гэж зүхдэг бай­сан, орчин цагаар бол өндөр хөгжилтэй баруу­ны орны сургалтын зар­чим бол хүн нэг л юм сайн сур. Болхидуухан зүйр­лэхэд чи зөвхөн гутлын өсгий хадах мэргэжил эзэмш  гэсэн онолтой.


Манай эрх баригчид ийм зарчмыг маш их хө­хиү­лэн дэмжиж байна. Хүний амьдралд нь хэрэг болох хоолоо олж идэх нэг л сайн юм заа, бас сурга. Өөр элдэв долоон юм үзэж бие сэтгэлээ зо­воож юу хийнэ. Мал мал­лах хүнд математик даанч нэг хэрэггүй байгаа биз. Зөв зөв...


Энэ бол зөв газраа маш зөв сургалтын прог­рамм юм. 300 сая хүн амтай АНУ-д ирээдүйн суутнуудаа зургаан нас­наас нь эхлэн бусдаас тусгаарлан ойн цоорхойд орд барьж байгаад бэл­дэж эхэлдэг. Цөөн хэдэн лидерүүд улс орныг аваад нээлтээ хийгээд хөгжүүлээд яваад өгнө. Бусад нь яахав. Цагаач иргэд, өнгөт арьстнууд­даа дөрвөн аргын тоо, ойр зуурын бичиг үсэг заагаад, сайхан тоглуулж саатуулаад л болоо. Өөр яах юм. Тэрбум хүнтэй Хятад орны иргэд бүг­дээрээ академик боловс­ролтой болчихвол тэд­ний өндөр  ухамсарт амьд­ралын наад захын хэрэгцээг хангах потен­циал угаасаа байхгүй.


Харин хоёрхон сая хүнтэй цөөхөн монгол­чуудын хувьд үндэстэн яваандаа мөхөх аюултай систем гэж учир мэдэх олон багш хэлж байна. Бид бүгдээрээ оюунлаг амьдрах, гурван хүний нэг нь дарга болчих хангалт­тай их орон тоо байна. Бүр тэнэг жишээ авцгаая. Хувийн дээд сургууль бол­гон шахуу дэргэдээ "олон улсын харилцаа"-ны ангитай. Уг нь хүүхдийг "хошгируулж" байгаа байх­гүй юу. Тэрнийг нь төг­сөөд олон улсын ха­рил­цааны ажилтан бол­дог, болгодог нь хаа ч юм.  Гэхдээ бид дэлхийн 200 гаран улс оронд бүгдэд нь Элчин сайдын яамаа нээгээд тэнд тодорхой хэмжээний орон тоо гар­гана гэхэд олон улсын жишигт хэн хорих юм. Хэрэв тэгдэг юм гэхэд одоо­гийн хувь хувьсга­лын сургуулийн бүх  оюут­­нуудыг дайчлаад хүрэлцэхгүй. Дэлхий дээрх зөвхөн байгаль хамгаалах чиглэлээр гэ­хэд л хэдэн мянган олон улсын байгууллага идэвх­тэй үйл ажиллагаа явуул­даг. Бид л тоохгүй байгаа болохоос "Жоом судла­лын дэлхийн холбоо"-ны Монгол дахь суурин тө­лөө­лөгчийн газар нээж яагаад болохгүй гэж. До­роо хоёр вьетнам туслах аваад би өөрөө дарга нь. Гэхдээ энэ ажлынхаа ха­жуу­гаар оройдоо такси­гаар халтуур хийнэ, спор­тоор хичээллэнэ, хөдөө бас хэдэн малтай, мэргэ төлгө, зүү хануур ч хийж магадгүй. Цөөхөн хүнтэй ард түмэнд хүн болгон нь чухал байхаас өөр арга­гүй. Зусландаа гарчихсан хөдөөний сумын манаач өвгөн Засаг даргынхаа тамгыг өвөртлөөд ор­лоод сууж байдаг биз дээ. Хүнээр хахсан Каир хо­тод тэгэх үү. Ийм учраас монголчуудад академик боловсрол хэрэг болоод байсан байхгүй юу. Энэ­ний хүчинд бид чинь тус­гаар улс яваад байгаа аж. Манай ард түмэн  нийтээ­рээ бусдаас илүү оюун­лаг байх нь хэдхэн оли­гар­хид гай лай болно гэж өмхий санаалдаг болол­той. Японы автобусны жолооч залуур дээрх GPS нь унтарчихаар на­саараа явсан хотын зам дээрээ шууд төөрдөг гэ­сэн. Тэгэхэд  хөдөөнөөс ирсэн хархүү долоо хо­ноод л Улаанбаатар хо­тод такси бариад цохиж явдаг. Манай амьдрал ингэж бүх юмыг гялс сура­хаас өөр арга байдаггүй. Би зөвхөн гутлын өлмий л хадаж сурсан  хүн гээд хэвтээд байвал Монголд тэрнийг хэн ч ажилд авах­гүй.


Манайхны дуурай­гаад байгаа боловсролыг шалгах тестийн систем нь дэлхий нийтэд  тэнэгүү­дэд зориулагдсан арга юм шиг байгаа юм. Энэ хоёр хариултын аль нь зөв бэ хө гэдэг "Жолооны сургалт"-ын тест бол нийт хар маст зориулсан мааз­­ралт юм. Иймэрхүү арга зөндөө байдаг. Жи­шээлбэл бичиг үсэггүй Африкт сонгуулийн сана­лаа өгөхдөө өнгө өнгийн цаасыг хэрэглэж "Ху на­маа сонговол улаанаас нь хайрцагт хийгээрэй" гэх жишээтэй.


Харин жинхэнэ бо­ловс­рол чадамжийг нь шалгах шалгарсан арга бол "эссэ" бичүүлдэг. Яагаад онц сурдаг хүүхэд да­раа нь олигтой амь­дарч чадахгүй байна гээд манайхан гайхаад бай­даг. Гэрийн даалгаварт нэг ном унш гэхээр дур­жигнатал цээжлээд хам­гийн сүүлд нь "Үнэ төдөн төгрөг ...мөнгөө" гэдгийг нь хүртэл тогтоосон га­руу­дыг онц лаг гэдэггүй байхгүй юу. "Чи энэ яриа­наас, энэ номноос юу ойлгосон. Тэрнийгээ маш оновчтой бөгөөд энгийн байдлаар төдөн мөрөнд багтаагаад илэрхийл"  гэхэд л олон хүн нураад уначихдаг. Хамгийн аймаар шалгалт бол тэр юм. Одоо тэр дарга болох гээд байгаа, босс болох гээд байгаа Америкийн том сургуулиуд чинь тест биш эссэгээр шалгаж хариуг нь хөндлөнгийн экспертээр дүгнүүлдэг.


Манай 12 жилийн сур­галтын тогтолцоог хара­хад 6-3-3 гэсэн багц жи­лээр явах юм байна. Эх­ний зургаан жилийг бага боловсрол гээд бага ан­гийн багш ганцхан хүү­хэнд түмний хүүхдийн хувь заяаг бүтэн зургаан жилийн турш даатгаж орхи­жээ. Тэр багш хүн л болсон юм хойно ямар ч ааш араншинтай, үзэл бодолтой юм таараа би­лээ. Нөхөр нь гайгүй сайн уяач бол тэдний ангийн­хан хурдны морь унасаар байгаад өөр юм сонир­хохоо больчихвол яана. Бөөн "ээсүүс" нөхөр бол зургаан жилийн дотор бяцхан үрсийн толгойг баттайяа нэг талд гаргаад өгчихнө. Ганцхан сувгаар ертөнцийг харна гэдэг бол коммунист үзэл сур­тал зааж байгаатай ялгаа юу байна. Бүтэн зургаан жил ш дээ. Манай багш нар багын сургалтад олон шинэ дэвшил гарга­сан. Энэ 35 үсгийг сар гаранхан дотор заадаг болчихсон байсан. Зур­гаан настай ч ялгаагүй, найман настай ч ялгаа­гүй. Гэтэл аль намар эхэл­сэн үсэглэл одоо болтол дуусаагүй яваа. Хуучин арван жилийн дотор үзэж амждаг байсан ерөнхий боловсролыг 12 жилд сунгаад тараан байр­шуул­­жээ. Тэгсэн атлаа дарга баячуудын хүүх­дүүд өндөр төлбөртэй сурдаг хувийн сургуулиуд хамаагүй хүнд программ­тай.  Жирийн сургуулийн хүүхдүүд ханиад томуу гарлаа гээд хичээл хаа­гаад л дараа нь улирлын амралт эхлэхээр бас ам­раад л "гоё" байсан. Одоо дахиад амралт эхэлж бай­на. Тэгэхэд томоохон ху­вийн сургуулиуд яс хи­чээлээ хийгээд амрахгүй улам чангалаад явж бай­на. Эцэст нь конкурс бо­лоход хэн илүү сайн сур­гуульд орох нь тодорхой. Шийдвэр гаргагчид яагаад нийтийн  боловс­ролын төлөө санаа та­вихгүй байгаагийн учир энэ юм. Манай ард түм­ний хүүхдийг бага юм сураасай малтайгаа адил­­хан мангар байгаа­сай гэж илэрхий зорио­гүй ч санаа нь тийм өөд­гүй байгаа байхгүй юу.


Одоогийн бүх сурах бичгийг хэвээр нь үлдээ­гээд хүүхдэд аль болох их мэдээлэл өгч эрдэм ном сайн сурга гэвэл сайдаа­саа эхлээд олон хүн улан­гас­сан эсэргүүцэл үзүүл­нэ. Энэ бол боловс­рол дахь хамгийн эмзэг сэдэв. Эрх ашиг, эрх мэдэлд нь аймшиг­гүй­гээр халдсан явдал бол­но. Тэгтлээ энэ боловс­рол дампуураад байгаа юм.


Хэрэв тийм л их 12 жилийн боловсрол олгох гээд байгаа юм бол зал­гуулаад 12 дугаар ангийн су­рах бичгийг шинээр гар­гаад өгөөч. Хүүхдэд да­хиад заах юм зөндөө үлдсэн шүү дээ. Амтай болгон ярьдаг нэг сэдэв бий. Алгебр амьдралд ямар хэрэг болдог юм гэж ирээд л. Тэгвэл яг ингэж хэрэг болдог юм гэсэн сэдэв цаана чинь бэлэн байж байна. За тэгээд геометр, математик, коор­­динат, квант, харь­цангуйн онол, проекц энэ тэр бол тэр чигээрээ л амьдрал дээр дүүрэн бай­на. Бүр хамгийн төвөгтэйгээс нь хэлэхэд шүү. Уран зохиол гэхэд л 12 дугаар ангид орсон жилээ шүлэг бичиж яагаад болохгүй гэж. Шүл­­гэндээ барахгүй бол сурвалжлага хий. Хэр таар­сан ярилцлага ав.  Нөгөө эссэ бичих онол практик юу билээ. Төлбө­рийг нь аваад жолооны үнэмлэхтэй төгсгө. Эцэг эхчүүд хичнээн баярлах бол. Орос, англи хэл зааж болсон бол одоо ойр зуур хятад хэл, ханз үсэг үзэхгүй юу. Хэрэгтэй ш дээ. Манайтай адил цөөн хүн амтай Кувейт, Катар зэрэг орон бол хойч үеэ  яхийтал сургадаг гэсэн. Тэгэхгүй бол тэдгээр улс үндэстэн том орны хөлд чирэгдэж түүхээс арчиг­дан одно. Султаан, шей­хийн хажууд байгаа үн­дэстэн нэг нь тэнэг балай байж болохгүй. Аягүй бол ядуусын хүүх­дүүд атаархаж хорлож мэднэ. Гай болж хүү охин­той нь хайр дурлал бо­лон сууж гэрлэх ч юм билүү. Амьдрал таашгүй. Улсаа­раа нийтээрээ нэг алхам урагшаа явж бай­хын бу­руу цөөн үндэс­тэнд бай­даггүй. Ганцаа­раа идсэн гахай лугаа үлгэр өрнөнө. Ядаж энийг харгалзан боловс­ролын талаар бо­дож үз­мээр юм даа.

Сүүлд нэмэгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.